Аяллын тэмдэглэл

Аян замын тэмдэглэл

Алтай таван богдын аяллын тэмдэглэл
Хүсэн хүлээсэн аялал маань энэ өглөөний 8:30 цагт УБ – Ховд чиглэлийн онгоцонд сууснаар эхэлсэн юм. Төлөвлөгөөний дагуу УБ – Өлгий чиглэлээр нисэх ёстой байсан боловч нисэх буудал хаагдсаны улмаас ийм өөрчлөлт орсон юм.
Нислэг 2 цаг үргэлжилж олон ястны өлгий нутагт газардсан юм. Эргэн тойронд том хадан уулсаар хүрээлэгдсэн, саарал шороон хөрстэй, ургамлын хувьд харьцангүй цөлөрхөг гэвч цаанаа л сэтгэл булаам дүр төрх биднийг тосон авлаа. Эндээс бид Хүннү Эйрээс тусгайлан гаргасан автобусанд сууж 2 цаг 30 минут орчим засмал замаар давхисаар Өлгий хотод ирсэн юм. Зам зуурт алдарт Алтан Хөхий уул, Цаст Цамбагарав, Толбо нуур зэргийг бэлхэнээ тольдож болохуйц байв.
Оройдоо бууралтсан Алтайн уулсын сүр бараа, Казах түмний аж амьдрал үнэхээр сэтгэл татам. Бид Өлгий хотын нэгэн цомхон ресторанд өдрийн хоолоо идээд цааш хөдлөв. 6 цаг орчим хугацаанд 170 орчим километр газрыг даваа гүвээ, шавар ус, хөндий тал хосолсон гайхамшигт байгалийн дуу алдам төрхийг харан сонирхсоор тууллаа. Аян замын алжаал төдийлөн их бус, аялагчдын сэтгэгдэл тунчиг өндөрхөн байлаа. Маргааш биднийг улам илүү адал явдал хүлээж байна.

 

 

Буцах