АЛТАЙ ТАВАН БОГД УУЛ
Таван Богд уул нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт оршдог, Алтай Таван Богд байгалийн цогцолборт газарт багтдаг Монгол орны дээвэр болсон Монгол түмний эрхэмлэн хүндэтгэдэг төрийн тахилгат шүтээн уул юм.
Таван Богд уул нь Монголын хамгийн өндөр уулсын нэг бөгөөд 4000 метрээс дээш өндөртэй зургаан мөнх цаст оргилтой.
- Хүйтэн оргил 4,374м (ноён оргил)
- Найрамдал оргил 4,192м (3 улсын хилийн уулзвар)
- Цагаан суварга оргил 4152м
- Бүргэд оргил 4,068м
- Малчин оргил 4,051м
- Өлгий оргил 4,050м
Таван Богд ууланд Потанин, Александр, Гране гэсэн 10 гаруй том мөсөн голууд байдгаас хамгийн том, урт гол нь Потанинын (20км) мөсөн гол юм. Потаниний мөсөн гол нь Сүүн гол буюу Цагаан голын ундаргын эх үүсвэр болдог.
Цаг агаарын хувьд Монгол орны хамгийн тогтворгүй газруудын нэг бол Алтай Таван Богд юм. Энд нэг өдөр, нэг цагийн дотор нар шарж, цас, бороо орж, шуурга тавих нь энгийн үзэгдэл. Өөрөөр хэлбэл нэг өдөр 4 улирлын шинжийг та тэндээс харж болно гэсэн үг.
АЛТАЙ ТАВАН БОГД БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР
Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар нь 6362 ам км талбайг хамардаг бөгөөд 1996 онд Таван Богд уул, Хотон, Хурган, Даян нуур, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай савуудыг хамруулан Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар хэмээн улсын хамгаалалтад авсан.
Алтай Таван Богдын БЦГ нь Монголын Аялал жуулчлалын томоохон чиглэлүүдийн нэг бөгөөд зуны улиралд дотоод гадаадын жуулчдын хөл тасардаггүй.
”Газарчин” аяллын компани нь дотоодын аялагч жуулчдад зориулан Алтай Таван Богдын БЦГ-тай танилцах аяллыг зохион байгуулдаг. Энэхүү аяллаар та төрийн тахилгат Таван Богд уулын үзэсгэлэн гоо төрх, Монгол орны хамгийн өндөр цэг болох Хүйтний оргил, Потанины мөсөн гол, сүү мэт сүлрэн урсах Цагаан гол, Алтайн уулсын чимэг болсон үзэсгэлэнт Хотон-Хурган нуур, байгалийн үзэмж, үзэсгэлэн төгс бүрдсэн Бага түргэний хүрхрээ, их түүхийн бичээс хүүрнэл болсон хүн чулуу, хадны бичээс зэрэг г.м олон зүйлсийг үзнэ. Мөн Казак түмний ахуй амьдрал, бүргэдээр ан хийх урлагтай танилцаж дурсгалын зураг татуулах боломжтой.