Амьдралд амт нэмж, мартагдашгүй дурсамжийг бүтээж, завгүй амьдралын хэв маягаасаа түр ч атугай амс хийх боломжийг аялал бидэнд олгодог билээ. Гэхдээ гадаадад төдийгүй эх орондоо шинэ газар үзэхээр аялахад хамгийн чухал зүйл бол аяллаа төлөвлөх юм. Сайн төлөвлөсөн аялалд төдийлөн санаа зовох зүйлс гардаггүй бөгөөд тав тухтай аялах боломжийг танд олгодог байна. Аяллаа сайн төлөвлөснөөр төөрөх, машин тэрэг саатах, хонох газар зэрэг гарч болзошгүй олон эрсдэлээс зайлсхийх боломжтой. Тэгвэл аяллаа хэрхэн төлөвлөх талаар Газарчин – Таны аяллын хөтөч хуваалцаж байна.
1. Аяллын хөтөлбөрөө гаргаарай.
Аялал нэгээр дуусахгүй шүү дээ. Тэгвэл эх орондоо тав тухтай аялж байгалийн сайхнаар нүдээ хужирлахад танд аяллын төлөвлөгөө хамгийн их хэрэг болно. Энэ жил үзсэн газраа ирэх жил дайралгүйгээр хэрхэн аялж болох, мөн аяллын шаардах хугацаа, өртөг зардал гээд хөтөлбөрийг дагаад асар олон зүйлс тодорхой болж эхлэдэг. Ингэснээр та хамгийн өөрийн боломжинд суурилан хамгийн гайхалтайгаар аялах боломж бүрдэх юм.
2. Очих газраа судлаарай.
Шинээр очих гэж буй газрын цаг агаар, аялах замын нөхцөл, чиг баримжаа, сүлжээтэй эсэх талаар зайлшгүй мэдэж байх шаардлагатай. Мөн аяллаар очоод байршуулах хэрэгсэл буюу зочид буудал, жуулчны баазын хүрэлцээ зэргийг баталгаат эх сурвалжаас судлах нь зүйтэй. Замын нөхцөл байдлаас аяллын үргэлжлэх хугацаа ихээхэн хамаардаг учир мэргэжлийн аяллын компанид хандан аяллын хөтөлбөр хийлгүүлж авах нь хамгийн өртөг багатай тусдаг байна. Мэдээж аялал бүхэнд тодорхой хэмжээний өртөг гаргаж байгаа учир үргүй зардалд мөнгө үрэхийг хэн ч хүсэхгүй шүү дээ. Сайн төлөвлөсөн аялал таныг учирч болох 1000 эрсдэлээс сэргийлдэг.
3. Хоноглох газруудаа тэмдэглээрэй
Ингэснээр таны аяллын хөтөлбөрт төдийлөн саатал үүсэхгүйгээр төлөвлөсөн бүх газраа үзэхийн зэрэгцээ аяллын ачааллаа жигд хуваарилах боломжтой болдог. Зарим өдөр нь 50км зарим газарт 400км зам туулахын оронд аяллын ачааллаа жигдхэн хуваарилсанаар аялалдаа түүртэж тух алдалгүй аялах боломжтой. Мөн тухайн газартаа очсоныхоо дараа хоноглох газар хайх бус эртнээс захиалж бэлдвэл таны сэтгэлд ч амар шүү дээ.
4. Бэлэн мөнгө үү эсвэл төлбөрийн карт уу?
Монгол оронд аялахад төлбөрийн хамгийн түгээмэл хэрэгсэл бол бэлэн мөнгө байдаг. Учир нь байгалын өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газрууд нь ихэвчлэн сум суурингаас хол байдаг бөгөөд утасны сүлжээ ороогүйгээс шалтгаалан картаар үйлчлэх газрууд тун ховор байдаг. Тиймдээ ч хэрэглээний бэлэн мөнгөтэй явах нь зөв алхам юм. Гэхдээ нэг дор хэт их мөнгө биедээ авч явах нь эрсдэл дагуулдаг тул замын турш дайралдах суурин газруудаас бага багаар хэтэвчээ цэнэглэх нь зүйтэй.
5. Заавал даатгуулаарай
Мэдээж хэрэг камер, гар утас зэрэг үнэ бүхий зүйлсээ даатгуулах нь хамгийн ухаалаг шийдвэр юм. Хулгайд эд юмсаа алдах, эсвэл санамсар болгоомжгүйгээс шалтгаалан учирч болох эрсдэл, бэртэл гэмтэл, эрүүл ахуйгаа ч гэсэн даатгуулах боломжтой болсон шүү дээ.
6. Тээшээ маш сайн бэлтгээрэй
Бидний ихэнх нь аялалд гарахынхаа өмнө өмсөж болохуйц санагдсан бүхнээ л тээшиндээ дүүргэж багладаг шүү дээ. Гэтэл эцсийн дүндээ хэрэг болсон зүйл нь тун ховор байдаг. Тэгвэл ачаагаа ухаалагаар баглаж, зөвхөн зайлшгүй хэрэгцээт зүйлсээ л авч явах нь танд илүү ая тухтай байх болно.
7. Бичиг баримтын хуулбарыг биедээ авч яваарай
Эх хувилбарыг мартаж үз. Гар цүнхээ хулгайд алдах, эсвэл хаа нэгтээ мартах тохиолдолд бичиг баримтууд тань хамт салхинд хийсээсэй гэж хүсэхгүй л байгаа биз дээ? Тэгвэл эх хувилбаруудыг тээшиндээ найдвартай хадгалаад оронд нь баталгаат хуулбар буву лавлагаануудыг биедээ авч явах нь хамгийн ухаалаг шийдвэр юм.