Монголоороо Аялахуй

БАЯНЗАГ

БАЯНЗАГ

Гадныхны дунд асч буй толгод хэмээх нэрээр алдаршсан Баянзаг нь Өмнөговь аймгийн Булган сумын төвөөс зүүн зүгт хол саахалтын зайд оршдог. Байгалийн өвөрмөц тогтоц бүхий Баянзаг нь 20 – 50 орчим метр өндөр эгц цавчим эрэгтэй. Монгол орны хамгийн том цавуудын нэг юм. Галын дөл мэт улаан хөрстэй. Энэ газарт говийн заг мод ихээр ургадаг учир Баянзаг хэмээн нэрийдсэн байдаг. Эрт цагт нутгийн хүмүүс мянган тэмээ туугаад ороход тэмээний бараа харагддаггүй байсан хэмээх хууч яриа бий.

Далайн ёроолын шаварлаг хурдас нь эгц цавчим мөргөцөг үүсгэн гайхалтай тогтоцыг бүтээжээ. Эрт цагт уг газарт амьдарч байсан үлэг гүрвэлийн олдворуудыг тэртээх 1920 онд Рое Андрюс хэмээх эрдэмтэнээр ахлууслан баг нээн илрүүлж байжээ. Баянзагт л чухам үлэг гүрвэлийн өндөг бүхий үүрийг анх удаа олсон бөгөөд дэлхийн түүхэнд томоор тэмдэглэгдэн үлдэх түүхэн олдвор болсон юм. Рое Эндрюс нь Монголын говь, тэр тусмаа Баянзагийн тухай “Эртний хүний мөрөөр” хэмээх номыг бчиж үлдээсэн байдаг.

Баянзаг орчим, Арц богд уулын урд хэсгийн уудам тал нь тэр чигээрээ монголчуудын нэн эртний түүхийг гэрчлэх бөгөөд 10000 жилийн өмнө хүн суурьшиж байсан дархны газрын үлдэгдэл, “Төгрөгийн ширээ”, “Хавцгайтын хадны сүг зураг” зэрэг түүхийн хосгүй үнэт өвүүдээр дүүрэн газар юм.