Говийн гайхамшигт 6 гэх нэрийг сонсох төдийд танд энэ чухам юу вэ гэсэн бодол зурс хийн орж ирнэ. Африк тивийн “Big Five” хэмээх нэрийг дэлхийн дахинаа андахгүй. Энэ нь агнахад хамгийн төвөгтэй, том 5 амьтан болох арслан, заан, ирвэс, одос үхэр болон усны үхрийг хамтатган ийнхүү нэрийдсэн сурталчилгаа бас хамгааллын ажил юм. Жил бүхэн Африк тивийн улсууд зөвхөн уг амьтдыг харах аяллаас хэдэн зуун сая доллар олдог гэвэл та итгэх үү? Тэгвэл дэлхийн аль ч оронд бараг байдаггүй, зөвхөн Монголын говь цөлийн төлөөлөл болсон гайхамшигт 6 амьтнаар Монгол бөхөн, Хавтгай, Хулан, Тахь, Хар сүүлт болон мазаалай баавгайг нэрлэж эдгээр амьтдыг дэлхий дахинд таниулах, мөн хамгаалах ажлыг холбогдох байгууллагууд санаачлан эхлүүлээд байна. Газарчин – Таны аяллын хөтөч говийн гайхамшигт 6 – г танилцуулж байна.

Монгол бөхөн
Тэртээх мөстлөгийн үед аврага арслан заан, үсэрхэг хирс зэрэг балар эртний амьтадтай зэрэгцэн оршиж байсан амьтан юм. Евразийн нутаг дэвсгэрт даруй 100’000 жилийн өмнөөс амьдарч эхэлсэн уг амьтны 10 төрлөөс өдгөө ердөө 1 төрлийн 2 зүйлийн бөхөн дэлхийд үлсдэн байна. 2019 оны байдлаар ердөө 5000 орчим үлдээд байсан Монгол бөхөн нь 2020 оны эцэс гэхэд 8500 орчим болон өссөн тоо баримт байдаг. Айлуудын малтай бэлчээр давхцаж шахагдах, малын гоц халдварт өвчин тархах,хулгайн ан зэрэг нь бөхөн гөрөөсний хувьд хорогдох хамгийн том шалтгаан болдог.

2. Хавтгай
Хавтгай бол Монголын говь, Шинжааны Такламакан цөлд амьдардаг зэрлэг тэмээ юм. Зарим судлаачид энэ амьтныг хоёр бөхт тэмээний өвөг дээдэс гэж үздэг. Саяхныг хүртэл гэрийн тэмээ зэрлэг болсон гэж үздэг байсан бол сүүлийн үеийн митохондрийн ДНХ-ийн шинжилгээнд 1.9% -ийн зөрүү гарсан нь 0.7-1.5 сая жилийн өмнө, тэмээг гаршуулж амжаагүй байх үед уг 2 амьтны зүйл салж тус тусын төрөл болсныг илтгэдэг. Урьд нь хоёр бөхт тэмээний (Camelus bactrianus ferus) дэд зүйл байсан бол одоо тусдаа төрөл зүйл гэж үздэг.

3. Хулан
Дэлхий дээр гурван төрлийн хулан байдаг бөгөөд уг дэд зүйлүүд нь Монголд өргөн тархсан байдаг. Хулан нь илжигнээс арай том, 290 орчим кг жинтэй, 2.1 метр урт, морьтой илүү төстэй юм. Тэд мориноос богино хөлтэй бөгөөд улирлын дагуу өнгө нь өөрчлөгддөг. Зундаа улаан хүрэн, өвөлдөө шар хүрэн өнгөтэй байдаг. Энэ нь нурууны дунд хүртэл хар судалтай байдаг.

4. Тахь
Тахь бол Монголын тал нутагт амьдардаг зэрлэг адууны сүүлчийн төрөл юм. Хүмүүсийн нөлөөгөөр 1966 оноос хойш байгальд устаж үгүй болсон ч 1990-ээд онд Нидерланд, Германы амьтны хүрээлэнгээс буцааж авчраад Хустайн нуруу, Тахийн тал, Хомын тал зэрэг газруудад дахин нутагшуулсан. Тахь нь нэгэн цагт нутагшуулж байсан Америкийн Мустанг, Австралийн Брамби нараас ялгаатай нь хэзээ ч гаршуулж байгаагүй жинхэнэ зэрлэг адуу юм.

5. Хар Сүүлт
Бэлчээрийн менежер хэмээн нэрлэгддэг хар сүүлт зээр нь идэш хоол хайн хэдэн зуун километр газрыг ажралгүй туулж чаддаг байна. Ингэхдээ хөрсийг сийрэгжүүлэхээс гадна хоргол нь газарт бордоо болон шингэж өвс ногоо ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Хамгийн гол дайсан нь чоно. Мөн өндөр чанартай мах, арьсыг нь ашиглахын тулд хулгайн анчид ихээр агнадаг.

6. Мазаалай
Анхлан 1980 онд Оросын эрдэмтэд мазаалайг Түвдийн баавгайн төрөл зүйл хэмээн тооцож байсан ч энэ таамаглал худлаа болж Мазаалай нь баавгайн шинэ төрөл зүйл буюу Монголын говиос өөр хаана ч амьдардаггүй болохыг тогтоосон байна. Монгол орны төдийгүй дэлхийд хамгийн ховорт тооцогдох уг амьтан нь өдгөө 50 орчим л тоо толгой үлдсэн байна.