ГУЙЛИН ХОТЫН ТУХАЙ
Байгалийн өвөрмөц тогтцоороо жуулчдын хөлд дарагддаг Хятадын бас нэг хот бол Гуйлин юм. Хятадын хойд хэсгийн Гуаньши мужид орших энэ газарт л зуны халуунаас таатайгаар зугтаж, өнгө будаг цогцолсон байгалийн үзэсгэлэнг чинээндээ тултал мэдэрч чадна. Бүр 桂林山水甲天下 буюу “Тэнгэрийн доорх хамгийн тансаг байгаль, цэнгэг ус гагцхүү Гуйлинд л байдаг” гэсэн утгатай хятад хэлц үг ч бий.
Гуйлин хотын аялал
Хэрвээ та Гуйлин хот руу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой.
Ли голын усан онгоц, завьтай аялал
Байгалийн сонирхолтой тогтцоороо жуулчдыг татдаг газар тул гайхамшигтай зураг авахаас эхлээд Гуйлин хотыг зорих шалтгаан олон байдаг. Цэцэг ногоо бүрхсэн уулын дундуур Ли гол дээр завиар аялж байна гээд төсөөл дөө.
Яншуо тосгон
Гуйлин хотоос 65 км-ын зайд орших Яншуо тосгонд “10 милийн галерей” гэж байгалийн тусгай бүс бий. Үүгээр хулс модон завиар эсвэл хүрээлэн доторх бяцхан галт тэргээр бүр эсвэл мопед, унадаг дугуй түрээслэн тосгон дундуур аялж болдог.
Зааны хошуу толгод
Та магадгүй энэ зургийг интернетээс хараад хуурамч гээд өнгөрч байсан байх. Гэхдээ ийм аварга том заан хошуугаа голд дүрэн ус ууж байгаа мэт хэлбэртэй өвөрмөц толгод Таохуа болон Ли голын дунд үнэхээр байдаг. Зааны хошуу болон их биеэн дундуур гардаг агуйг Саран агуй гэж нэрлэдэг.