ЗАХИАЛГАТ ШУУД НИСЛЭГТЭЙ
АЯЛЛЫН ГЭРЭЭ
№ТУР2021/2022
Энэхүү гэрээг нэг талаас ОУ-ын аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх INTO655 тоот тур операторын гэрчилгээ, 5532159 тоот регистрийн дугаартай “АМИКУС”ХХК (цаашид “Аялал зохион байгуулагч” гэх), нөгөө талаас аяллын үйлчилгээ авагч буюу (цаашид “Захиалагч” гэх) нар Монгол Улсын Иргэний хуулийн 370-379 дугаар зүйлд заасан үндэслэл, журмыг баримтлан дор дурдсан нөхцөлөөр энэхүү гэрээг хэлэлцэн байгуулав.
НЭГ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
- Энэхүү гэрээ нь “АМИКУС” ХХК-ний дотоодын жуулчдад үйлчилгээ үзүүлэх “ГАЗАРЧИН” салбар хэлтсээс зохион байгуулж буй доорх аялалд хамрагдаж буй Захиалагч нарт үзүүлэх аяллын үйлчилгээтэй холбогдсон талуудын эрх үүрэг, хариуцлага, аяллын төлбөрийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулна.
- Аяллын нэр: Тайландын 8 өдрийн аялал (Бангкок, Паттая)
ХОЁР. АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
- Батлагдсан аяллын хөтөлбөрийн дагуу аяллыг үйлчилгээний саатал гаргалгүй түргэн шуурхай, найдвартай, чанарын зохих төвшинд зохион байгуулна.
- Аялал эхлэхээс өмнө урьдчилсан мэдээлэл, аяллын үеийн зөвлөмж, бэлтгэх зүйлс зэрэг шаардлагатай мэдээллээр үйлчлүүлэгч талыг хангаж ажиллана.
- Аяллын хөтөлбөр, үнэ, хугацаанд зайлшгүй тохиолдолд өөрчлөлт оруулж болох ба захиалагч талд урьдчилан боломжит хугацаанд хурдан мэдэгдэнэ.
- Аялал зохион байгуулагч нь аялагчдыг гадаадад зорчигчийн аяллын даатгалд хамруулсан байх үүрэгтэй.
ГУРАВ. ЗАХИАЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
- Захиалагч нь аяллын хөтөлбөр, аяллын зөвлөмж, аяллын даатгал, энэхүү гэрээний зүйл заалт бүртэй бүрэн танилцсан байх.
- Энэхүү гэрээнд оролцогч Захиалагч нь бусад аялагч нараа төлөөлөн гэрээ байгуулж байгаа тул аялагч нэг бүрд энэхүү гэрээ, аяллын хөтөлбөр, даатгалын нөхцөл, аяллын зөвлөмжийг танилцуулсан байх үүрэгтэй.
- Захиалагч нь 3.2-т заасан үүргийг биелүүлээгүйгээс үүдэн бусад аялагч болон Аялал зохион байгуулагчийн хооронд үл ойлголцол, маргаан гарвал, түүний үр дагаврыг Захиалагч бүрэн хариуцах үүрэгтэй.
- Захиалагч нь батлагдсан аяллын хөтөлбөр, аяллын үнэд орсон зүйлсийн дагуу үйлчилгээ авах ба хөтөлбөрт багтаагүй нэмэлт үйлчилгээ авсан тохиолдолд тооцоог тухай бүр нь хийж байна.
- Захиалагч нь компаниас хийлгэж буй аяллын даатгалын нөхцөлтэй уншиж танилцсан байх үүрэгтэй. Хэрэв даатгалын нөхцөл, нөхөн олговрыг нэмэгдүүлэх хүсэлтэй бол давхар даатгуулж болно.
- Аялал зохион байгуулагч талаас томилогдсон аяллын хөтөч-тайлбарлагч нь тухайн аялал, группийн ахлагч байх бөгөөд аяллын хөтчийн тавьсан аяллын үеийн зөвлөмж болон шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
- Аяллын багийн дотоод уур амьсгалд таатай бус нөлөөлөл үзүүлэх, бусад аялагчдын тав тухыг алдагдуулах, хувийн орон зайд халдах зэрэг зан ааш, ёс суртахуун, үзэл бодол, биеийн аливаа сөрөг үйлдэл гаргахгүй байх үүрэгтэй.
- Аяллын ахлагч, хөтөч-тайлбарлагчид мэдэгдэлгүйгээр аяллын группээс дур мэдэн салж явахгүй байх.
- Аяллын тогтоосон цаг хугацааг зөрчихгүй байх, цаг баримтлах, аяллын группийг хүлээлгэхгүй байх.
- Аяллын үед сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, согтууруулах ундаа зэргийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх.
- Өөрийгөө болон аяллын группийн бусад гишүүдийг эрсдэлд оруулахгүй тулд КОВИД19-ийн халдвар, хамгааллыг сайтар сахих үүрэгтэй.
- Өөрийн буруутай үйлдлээс шалтгаалсан аливаа хохирол, нэхэмжлэлийг барагдуулах үүрэгтэй.
- Захиалагч нь өөрийн болон бусад аяллын гишүүдийн хүчинтэй гадаад паспорт, КОВИД19-ийн вакцинд хамрагдсан гэрчилгээ болон бусад шаардагдах бичиг баримтыг гэрээ байгуулснаас хойш 3 өдөрт багтаан аялал хариуцсан менежерт бүрдүүлж өгөх ба хэрэв аяллын эхлэх хугацаа 21 хоногоос дотогш байгаа бол нэн даруй холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгөх үүрэг хүлээнэ.
ДӨРӨВ. АЯЛЛЫН ТӨЛБӨР ТООЦОО
Аяллын үнэ/хугацаа: 12/2, 12/9, 12/16, 1/6, 13, 1/20, 1/ 27, 2/3, 2/10, 2/17, 2/24
Насны ангилал | Нэг хүний үнэ ₮ | Тайлбар |
Том хүн | 4,490,000 | Нэг өрөөнд 2 хүн |
Хүүхэд 2-5.99 нас | 4,090,000 | нэмэлт оргүй |
Хүүхэд 6-11.99 нас | 3,890,000 | нэмэлт оргүй |
Хөнгөлөлт |
Аяллын үнэ/хугацаа: 12/23-12/30 Зул сар, 12/30-1/6 Шинэ жил, 1/27-2/3, 2/3-2/10 Цагаан сар
Насны ангилал | Нэг хүний үнэ ₮ | Тайлбар |
Том хүн | 4,790,000 | Нэг өрөөнд 2 хүн |
Хүүхэд 2-5.99 нас | 4,490,000 | нэмэлт оргүй |
Хүүхэд 6-11.99 нас | 4,290,000 | нэмэлт оргүй |
- Аяллын төлбөрийн урьдчилгаа 50%-ийг энэхүү аяллын гэрээг хүлээж авсан өдрөөс 3 өдрийн дотор төлсөн байна. Үлдэгдэл төлбөрийг аялал эхлэх өдрөөс багадаа 14 өдрийн өмнө төлнө.
- Тухайн аяллын эхлэх хугацаа 14 өдрөөс дотогш орсон бол Захиалагч нь аяллын төлбөрийг 100% бүрэн төлнө.
- Аялал зохион байгуулагч нь НӨАТ төлөгч биш болно.
ТАВ. АЯЛАЛ ЦУЦЛАЛТ
- Энэхүү аялал нь чартер нислэгтэй захиалгат аялал ба нислэгийн тийз нь буцаах боломжгүй хатуу нөхцөлтэй байдаг тул гэрээ хийгдсэнээс хойш Захиалагч талын аялал эхлэхээс 72 цагийн дотор өгсөн КОВИД19-ийн ПСP шинжилгээний хариу нь эерэг гарсан тохиолдолд зөвхөн эерэг хариу гарсан Аялагчийн аяллын төлбөрөөс нислэгийн тийз болон Тайландын талд төлсөн Thailand Pass зөвшөөрлийн хураамжыг суутган буцаан олгоно.
- Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас тухайн аялал цуцлагдсан тохиолдолд Аялал зохион байгуулагч нь Захиалагчийн төлсөн аяллын төлбөрөөс холбогдох дотоод, гадаадын банк, аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын торгууль, Thailand Pass зөвшөөрлийн хураамжийг суутган тооцоод захиалагч талд аяллын зохих төлбөрийг буцаан олгоно.
- Аялагч нь тухайн батлагдсан аяллаа аливаа ямар нэгэн шалтгаанаар цуцлах, хойшлуулах шаардлага гарсан тохиолдолд доорх торгуулийг төлнө.
- Хэрэв аялал эхлэхээс 28 хоногийн өмнө аялал цуцлахаа мэдэгдвэл төлбөрийг 100% буцаан олгоно.
- 27-21 хоногийн өмнө: Аяллын төлбөрийн 20%-ийг суутгана.
- 20-15 хоногийн өмнө: Аяллын төлбөр 30% -ийг суутгана.
- 14-8 хоногийн өмнө: Аяллын төлбөр 80% -ийг суутгана.
- 6-0 хоногийн өмнө: Аяллын төлбөр 100% -ийг суутгана.
ЗУРГАА. КОВИД 19-ТЭЙ ХОЛБООТОЙ ЗААЛТ
- Тухайн аялагч нь КОВИД19-ийн эсрэг вакцины 2 тунд бүрэн хамрагдаж, 2 дахь тунгаа хийлгүүлээд 14 хоносон байна.
- Вакцинд хамрагдаагүй 12 хүртэлх насны хүүхэд вакцины бүрэн тунд хамрагдсан эцэг эх, асран хамгаалагчийн хамт аялах боломжтой ба PCR-ийн шинжилгээ өгсөн байна.
- Сүүлийн 3 сарын дотор Ковидоор өвчлөөд эдгэрсэн бол та вакцины бүрэн юумуу эхний тунд хамрагдаад багадаа 14 хоносон байх. Мөн өвчлөөд эдгэрсэн тухай бичгийг давхар шаардах бөгөөд эдгээр бичигүүд нь Англи хэл дээр байх.
- Аялал эхлэх өдрөөс 21 хоног дотор өөр улсад зорчоогүй байх
- Өөрийгөө болон аяллын группийн бусад гишүүдийг эрсдэлд оруулахгүй тулд КОВИД19-ийн халдвар, хамгааллыг сайтар сахих үүрэг хүлээх бөгөөд гарах эрсдэл, зардалд бүрэн хариуцлага хүлээнэ.
ДОЛОО. ТАЛУУДЫН ХАРИУЦЛАГА
- Захиалагч тал гэрээгээр тохирсон аяллын төлбөрөө тогтоосон хугацаандаа төлөөгүй, бичиг баримтаа дутуу илгээх, хугацаа хэтрүүлэх, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэргээс үүссэн хохирол, торгууль, шимтгэлийг Захиалагч талын буруутай этгээд бүрэн хариуцна.
- Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан аялал хийх боломжгүй нөхцөл үүссэн бол аялагчдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах арга хэмжээг Аялал зохион байгуулагч авах бөгөөд энэ тухай Захиалагч талд нэн даруй мэдэгдэнэ
- Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл гэдэгт олон улсын зэрэглэлд хамрагдсан хүн, малын гоц халдварт өвчин гарсан, газар хөдлөлт, үер, хүчтэй шуурга зэрэг байгалийн гамшиг, улс хоорондын буюу иргэний дайн зэрэг Аялал зохион байгуулагчаас үл шалтгаалах нөхцөл байдлыг хэлнэ.
- Дээрх нөхцөл байдлын улмаас гэрээ хэрэгжихгүй болсон тохиолдолд холбогдох дүрэм журам, энэхүү аяллыг зохион байгуулах, үйлчилгээгээр хангах аялал жуулчлалын үйлчилгээнд оролцогч гуравдагч этгээдүүдтэй байгуулсан гэрээ, хэлцлийн дагуу шийднэ.
- Тухайн хуваарьт нислэг нь аливаа хэлбэрээр саатах, зогсолт хийх зэргээр захиалгат нислэгийг гүйцэтгэж чадахгүйд хүрвэл тээвэрлэгч тал болох Аэро Монголия ХХК-тай хийсэн гэрээний дагуу шийдвэрлэнэ.
НАЙМ. ГЭРЭЭНИЙ БУСАД ЗҮЙЛ
- Цаг агаарын байдлаас хамаарч нислэгийн ачаалалтыг өөрчлөх, саатах, тээвэрлэгчийн үйл ажиллагаанаас үл шалтгаалан тухайн хүрэх нисэх буудалдаа очиж чадахгүй болох, өөр нисэх буудалд буух, ажил хаялт, тухайн улсын агаарын зам хаагдах, тухайн улсын иргэний нисэхийн удирдах газраас нислэгийн зөвшөөрөл олгохгүй байх эсвэл хүсэлтийн дагуу бус өөр цагт олгох зэрэг “Аеро Монголиа” ХХК -аас хамаарахгүй давагдашгүй хүчин зүйлүүдийн улмаас “Аеро Монголиа” ХХК нь захиалгат нислэгийг хуваарийн дагуу гүйцэтгэж чадахгүйд хүрвэл, энэхүү гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн “Аеро Монголиа” ХХК -ний гэрээнд тусгасан заалтыг мөрдөнө.
- Захиалагч нь энэхүү гэрээний 4.1-д заасан төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд Аялал зохион байгуулагч нь гэрээг дангаар цуцлах эрхтэй.
- Энэхүү гэрээтэй холбоотой маргаан гарвал талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэх бөгөөд хэрвээ нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй бол Монгол улсын хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.
ЕС. ГЭРЭЭНИЙ БАТАЛГААЖИЛТ
- Захиалагч тал Аялал зохион байгуулагч талын дансанд аяллын урьдчилгаа төлбөрийг байршуулсан өдрөөс эхлэн энэхүү гэрээ нь тухайн аялал дуусах өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ.
- Талууд хүсвэл гэрээг гарын үсгээр баталгаажуулж болох ба гэрээний хугацаа нь тухайн аялал дуусах өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ.
Last updated 29 Dec 2021