Монголоороо Аялахуй

ГҮНЖИЙН СҮМ

ГҮНЖИЙН СҮМ

Аялагчдийн дунд түгээмэл байдаг буруу ойлголт бол Тэрэлжийн гүнжийн сүм юм. Ихэвчлэн мэлхий хадны хойно байрлах Аръяабалын хийдийг хүмүүс гүнжийн сүм хэмээн андуурдаг. Тэгвэл тус сүмийн жинхэнэ нь буюу Манжийн Энх-Амгалан хааны 6 – р охин, Халхын Түшээт хан Дондовдоржийн гэргий Хичээнгүй Амирлангүй гүнжид зориулан босгосон уг бунхан нь Улаанбаатар хотоос Зүүн хойд зүгт 120 орчим километр зайд Хан Хэнтйин дархан цаазат газарт оршино. Тэрэлжийн байгалийн цогцолбор газрыг өнгөрч Дэл уулын бэлээр өгсөн Тэрэлж голыг гатлан намаг шалбааг бүхий хөндийгөөр явсаар хүрдэг.

Тэртээх 1699 онд Манж дайчин улсын бодлогоор хааны угсааны гүнжүүд Монгол ноёнтой сууж эх нутагтаа тагнуулын мэдээ дамжуулдаг хар хайрцагны бодлого байж. Үүний дагуу Хичээнгүй Амирлангүй гүнж нь Түшээт хан Дондовдоржтой гэр нэтгэж гэнэ. Гэвч хааны зарлигаас няцан монгол газарт туйлын элэгтэй байсан гэдэг. 1740 онд нас барах үедээ “Би монгол хүний гэргий тул монгол хүн болсон. Тиймээс миний шарилыг энэ газарт оршуул” хэмээн гэрээсэлсэний дагуу одоогийн гүнжийн сүм боссон хэмээн үздэг. Уг сүм нь 1930 он хүртэл хүний гарт хөндөгдөлгүй, нууц хэвээр байсан хэдий ч өдгөө тонуулчдын гарт өртөн зөвхөн туурь нь үлдэж хоцорчээ.

Аялж очиход бэрх замтай ч туйлын үзэсгэлэнт уг газар аялагч бүхний очих газрын нэг мөнөөс мөн бөгөөд Улаанбаатар хотоос 1-2 өдрийн аялал хийхэд туйлын тохиромжтой газар юм.

Буцах