Дэлхийн улс, хотууд

Ереван хот

ЕРЕВАН ХОТЫН ТУХАЙ

Армени улсын нийслэл Ереван хот бол улсынхаа хамгийн том нь бөгөөд дэлхийн хамгийн эртний тасралтгүй хүн суурьшиж ирсэн хот юм. Ереван нь Храздан голын дагуу байрладаг ба тус улсын засаг захиргаа, соёл урлаг, аж үйлдвэрийн төв юм.

Ереван хотын түүх МЭӨ 8-р зуунаас эхтэй бөгөөд МЭӨ 782 онд Аргишти I Арарат тэгш талбайн баруун хязгаарт Эребуни цайзыг байгуулжээ. Эребуни нь засаг захиргаа, шашны том төв, бүхэл бүтэн хааны нийслэл болгон бүтээсэн хот байжээ. Эртний Арменийн сүүлчийн хаант улсын үед шинэ нийслэл хотууд баригдаж Ереван хот тийм ч ач холбогдолтой байхаа больсон. Иран ба Оросын эрхшээлийн дор 1736-1828 онуудад Эриван хаант улсын төв, 1850-1917 онуудад Эриваны засаг захиргааны төв байжээ. Дэлхийн 1-р дайны дараагаас Ереван нь Бүгд Найрамдах Арменийн нийслэл болсон. 20-р зууны үед Армени Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд орсноор уг хот хурдацтай өргөжсөн. Хотын хэмжээнд 2000-аад оны эхэн үеэс их бүтээн байгуулалт хийгдэж, Зөвлөлт засгийн үед ховор тохиолддог ресторан, дэлгүүр, гудамжны кафе зэрэг жижиглэн худалдааны цэгүүд олширчээ.

2011 оны байдлаар Ереван хотын хүн ам 1,060,138 байсан нь Арменийн нийт хүн амын 35 гаруй хувь нь байв. 2016 оны албан ёсны тооцоогоор хотын өнөөгийн хүн ам 1.073.700 байна. Ереван хотыг ЮНЕСКО-гоос 2012 оны Дэлхийн номын нийслэлээр нэрлэжээ.

Армени улсад аялал жуулчлал жилээс жилд хөгжиж байгаа бөгөөд нийслэл Ереван нь аялал жуулчлалын гол цэгүүдийн нэг юм. Тус хотод тансаг зэрэглэлийн зочид буудал, орчин үеийн ресторан, баар, паб, шөнийн цэнгээний газруудын дийлэнх нь байдаг. Ереван дахь Бүгд найрамдах талбайн бүжиглэж буй усан оргилуурууд, Улсын дуурийн театр, Каскад цогцолбор, Урартийн Эребуни хотын балгас (Арин Берд), Кармир Блюр (Тейшебайни) зэрэг түүхэн дурсгалт газрууд жуулчдын сонирхлыг татдаг.

Ереван хотын аялал

Хэрвээ та Ереван хотруу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой.

Бүгд найрамдах талбай (Republic Square)

Бүгд найрамдах талбай бол Ереван хотын төв юм. Эндээс задгай талбайн эргэн тойронд байрлах хотын хамгийн гайхалтай чулуун барилгуудыг (үүнд Үндэсний музей багтана) харж болно. Хавар, зуны улиралд талбайн зах хэсгээр алтанзул цэцэг, сарнай цэцэглэдэг.

Вернисаж зах (Vernissage Market)

Ереван хотын хамгийн том гадаа зах бол Вернисаж зах юм. 1980-аад онд нутгийн зураачдын хэсэг Бузанд гудамжинд урлагийн хүрээлэнгийн гадаа өөрсдийн бүтээлээ дэлгэн тавьдаг болсноос эхэлсэн юм. Өнөөдөр энэ захад даавуу, хивснээс эхлээд хуучин эрдэнэс, гараар хийсэн бэлэг дурсгалын зүйл хүртэл зарж борлуулдаг болсон.

Арменчуудын геноцидийн дурсгалын цогцолбор (The Armenian Genocide Museum & Memorial)

Арменчуудын геноцидийн (аймаглан устгах) дурсгалын цогцолбор юм. Гаднах дурсгалын гол хэсэг нь 12 бетонон хавтангаас бүрдэх бөгөөд тус бүр нь алдагдсан Арменийн мужийг төлөөлдөг. 1.5 метрийн гүнд тавьсан мөнхийн дөл бол геноцидийн хохирогчдын хүндэтгэл юм.

Тайлбар: Арменчуудын геноцид бол Дэлхийн 1-р дайны үед Османы эзэнт гүрэн ба түүний эрх баригч нам болох Холбоо ба Прогрессийн Хороо (CUP) Бага Ази болон зэргэлдээх бүс нутгуудаас ирсэн 1 сая орчим Армен үндэстнүүдийг системтэйгээр олон нийтийг хамарсан аллага, угсаатны цэвэрлэгээ хийх байв.

Катогике сүм (Katoghike)

Катогике Бурхны Ариун Эх Сүмийг 1264 онд ариусгасан нь тус хотын хамгийн эртний сүмүүдийн нэг болжээ. Энэхүү цогцолборт нь олон арван жилийн турш хийгдсэн нэмэлт, сэргээн босголт хийгдэж байсан. Цогцолборын зарим хэсэг (13-р зууны үеийн анхны ханыг оруулаад) Зөвлөлтийн үеийн хот төлөвлөлт хийх аюулаас эхлээд газар хөдлөлтийг хүртэл даван гарч чадсан.

Буцах