Мэдээ, Мэдээлэл

Инстаграм хуудсаа чимэх Монгол орны хамгийн үзэсгэлэнт газрууд

Цахим орчинд тэр дундаа Инстаграм хуудсуудаар залуусын шинэ тренд дэлгэрээд багагүй хугацааг үдэж байна. Энэ бол эх орондоо, байгальд ээлтэй аялъя хэмээх уриалга билээ. Тэгвэл Газарчин – Таны аяллын хөтөч танд үзэсгэлэнт байгалиар аялангаа Инстаграм хуудсандаа гайхалтай зураг нэмж болохуйц монгол орны үзэсгэлэнт 5 газрыг сонирхуулж байна.

  1. Цагаан Суварга

2020 оны зуны аяллын трренд Цагаан суварга бол яахын аргагүй байгалийн өвөрмөц тогтоц бүхий содон газар билээ. Эрт цагт далайн ёроол байсан гэгдэх шаварлаг мөргөцөг нь эгц цавчим эргэтэй, газраасаа 70 орчим метр өндөр. Уг газар нь Улаанбаатар хотоос 450 орчим километр зайтай оршдог. Улаанбаатар хотоос 2 өдрийн аялал хийх боломжтой.

2. Алтай Таван Богд

Улаанбаатар хотоос даруй 2000 орчим километрийн зайд орших Монгол орны баруун захын хамгийн өндөр цаст уулс билээ. Алтай таван богдын сүрлэг уулс болон тус цогцолбор газарт хамаарагдах үзэсгэлэнт гол нуурууд, өргөн хөндий, өндөр хүрхрээнүүд зэрэг нь зүй ёсоор манай орны хамгийн үзэсгэлэнт байгальд тооцогддог.

3. Хөвсгөл

Дан ганц Хөвсгөл нуур гэлгүй тус аймгийн газар нутаг бахдам сайхан байгальтай билээ. Хорьдол сарьдгийн нуруу, цаатны нутаг, улаан тайга гээд адал явдалт аялал сонирхогч хэн бүхний заавал зорих ёстой аглаг тайга зөвхөн энэ л нутагт бий. Очсон бүхний харааг булааж, сэтгэлийг эзэмддэг тус газраар аялах нь таны амьдралд мартагдашгүй дурсамжийг үлдээх болно.

4. Хэрмэн Цав

Зарим эх сурвалжид уг газрыг дэлхийн төгсгөл хэмээн тэмдэглэсэн байдаг. Нээрээ л цэнхэр гариг маань сүйрч, хүн амьтангүй болохын цагт иймэрхүү дүр төрхтэй болох болов уу гэсэн бодол очсон хүн бүрийн сэтгэлд буудаг биз ээ. Монгол орны хамгийн том цав болох Хэрмэн цав нь туулж очиход хамгийн хүнд хэцүү нөхцөлтэй боловч Монголын говийг хамгийн төгс илтгэж чадахуйц үзэсгэлэнт газар билээ.

5. Хэцүү хад, Хяргас Нуур

Их нууруудын хотгорын 2 дахь том нуур болох Хяргас нуурын Зүүн өмнөд хэсэгт байрлах шохойн чулуулаг бүхий цагаан өнгөтэй элгэн хадыг Хэцүү хад хэмээн нэрлэдэг. Нуур луу түрж орсон цавчим хаднууд болон тус газрын байгалийн өнгө төрх нь хамгийн төгс гэрэл зураг буулгах боломжийг олгодог.