ЛУСАКА ХОТЫН ТУХАЙ
Замби улсын нийслэл болоод хамгийн том худалдааны хот болох Лусака нь уг тив рүү аялах хүсэлтэй хүн бүхний жагсаалтад ерөнхийдөө багтдаггүй билээ. Гэхдээ та уг хотод зочлохыг хүсвэл хараа сэтгэл хоёрыг зэрэг татахуйц гайхалтай газар олон бий. Халуун дотно уур амьсгал, найрсаг зочломтгой зан, Африкийн хамгийн хурдан хөгжиж буй хотын нэг гэх зэрэг нь уг газрыг хангалттай тодорхойлж болно.
Орчин үеийн худалдааны төвүүд, чанартай зочид буудлууд, гайхалтай ресторанууд нь Лусакаг буудаллах эсвэл амрах хамгийн тохиромжтой газар болгодог. Энэ хот нь жуулчдад ээлтэй тул Лусака нь аялагч жуулчдын дунд алдартай ч Африкийн бусад хотуудаас хамаагүй бага жуулчдыг татдаг бөгөөд хамгийн сайн газруудыг нь олоход хэцүү болгодог. Тиймдээ ч ихэвчлэн жуулчдад аялал жуулчлалын гарын авлага тараах ба энэ нь Лусака болон түүний ойролцоох хамгийн үзэсгэлэнтэй газруудын чиглэлийг зааж өгөх зорилготой юм.
ЛУСАКА ХОТЫН АЯЛАЛ
Хэрвээ та тус хот руу аялахаар төлөвлөж байгаа бол дараах газруудаар заавал зочлоорой.
ЛУСАКА БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР
Нийслэлээс ердөө 15 км-ийн зайд байгальд хирс харах санаа нь бүтэхгүй мэт санагдаж байгаа боловч энэхүү шинэ цэцэрлэгт хүрээлэн (2015 онд нээгдсэн) танд үүнийг хийх боломжийг олгож байна. 46км2 талбайг хамрах уг газарт зөвхөн хирс ч биш гөрөөс, тахь, анааш зэрэг олон төрлийн амьтад амьдардаг.
Өмнөд Африкаас тээвэрлэн авчирсан уг хирснүүдийг хулгайн анд өртөхөөс сэргийлэн эвэрнүүдийг нь тайрсан байх ба уг газарт 24 цагийн харуул хамгаалалттай байдаг.
ЛИЛАИ ЗААН ҮРЖҮҮЛГИЙН ГАЗАР
Хотын өмнө захад байрлах Олон Улсын Байгаль Хамгаалагчдын нийгэмлэгээс санаачлан байгуулсан заан үржүүлэх, хамгаалах ажил явагддаг. КАФҮИ БЦГ – аас ихэвчлэн орхигдсон болон өнчирсөн зааны тугалнуудыг авч ирж эрүүл, аюулгүй бойжуулахад голлох ажил чиглэгдэн явдаг.
Өдөр бүр 11 – 13 цагын хооронд тэднийг хооллож буйг харах боломжтой ба даваа гарагт уг газарлуу үнэгүй нэвтрүүлдэг. 650 га газрыг хамрах уг талбайд сафари аялал хийх боломжтой байдаг.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БУНХАН
Энэ бунхан бол Замбийн талийгаач ерөнхийлөгч Леви Патрик Мванаваса (1948-2008), Фредерик Чилуба (1943-2011), Майкл Сата (1937–2014) нарыг оршуулсан газар юм. Мванаваса, Сата нар хоёулаа албан тушаал хашиж байхдаа таалал төгссөн. Сүүлчийн булшийг 2018 онд барьж дууссан. Уг газарт зураг авах хатуу хориотой байдаг.
ЛУСАКА ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
Энэхүү том дөрвөлжин барилга нь Зөвлөлт засгийн үеийн Москвагийн барилгыг санагдуулам. Дээд давхарт нь Замби улсын түүх, соёл, угсаатны зүй, археологийн олдвор болоод орчин үеийн хотын соёлыг харуулсан байдаг бол Орчин үеийн Замби улсын уран зураг, баримлыг доод давхарт үзүүлдэг. Энэ нь сонирхолтой айлчлалыг бий болгох боловч агуулгын хувьд Ливингстоун, Мбэйл, Ндола зэрэг хотуудын музейтэй бараг адилхан тул та эдгээр газруудад очсон бол алгасаж болно.