MАКАО БҮСИЙН ТУХАЙ
Хятад улсын 2 тусгай бүсийн нэг болох Макао нь сүлжмэл эдлэл, тоглоом наадгай, аялал жуулчлал, мөрийтэй тоглоомын салбар хөгжсөн газар юм. Энэ бүс нутаг нь Хятад дахь Португалийн анхны бөгөөд сүүлийн колони байсан ба 1999 онд Хятадад шилжүүлж өгчээ. “Нэг улс, 2 систем” бодлогын дагуу Макаогийн батлан хамгаалах, гадаад бодлогыг Ардын төв засгийн газар нь удирдаж, хууль, цагдаа, мөнгө, гаалийн бодлого, хүн амын бодлогоо Макао бүс өөрөө бие даан шийдвэрлэдэг.
Цаг агаарын хувьд өвлийн сарууд (12,1,2)-ад 17-20 градус халуун, зуны сарууд (6,7,8)-ад 30-31 градус халуун байдаг. Макаогийн үндсэн хуульд Хятад болон Португали гэсэн 2 албан ёсны хэлтэй гэж заасан байдаг. Төв хятад хэл болон хялбаршуулсан хятад ханзыг эх газрын Хятадад ярианы болон бичгийн стандарт болгон ашигладаг бол Кантон хэл болон уламжлалт хятад ханзыг Макаод олон жил ашигласнаар стандарт гэгдэх болсон.
Макао хотын аялал
Хэрвээ та Макао руу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой.
Гэгээн Паулийн сүм (The Ruins of St. Paul’s)
Алс Дорнодын хамгийн шилдэг христийн барилгын нэгээр тооцогддог. 1601 онд анхны сүм галд устсаны дараа 1637 онд Ромын Гэсо сүмийг дуурайлган Японоос хөөгдсөн Христэд итгэгчид барьсан шинэ сүмийг барьж байгуулсан. Паулийн сүмээс үлдсэн зүйл бол түүний боржин чулуугаар хийгдсэн нүүрэн хэсэг юм.
Сенадогийн талбай (Senado Square)
Макаогийн зүрхэн хэсэгт байрладаг талбайд зөвхөн явганаар явах боломжтой. Онцлох газар нь одоогийн хотын захиргааны ордон буюу Сенатын хуучин барилга юм. Макао дахь Португалийн колоничлолын архитектурын хамгийн сайн жишээ гэж тооцогддог.
А-ма сүм (A-Ma Temple)
Макаогийн ЮНЕСКО-ийн түүхэн төвийн нэг хэсэг болох энэхүү Буддын шашны сүм бол тус хотын хамгийн чухал шашны газруудын нэг юм. Анх 1488 онд Мацу бурханд зориулж барьжээ. Хаалга асар, Залбирлын танхим, Дурсах нуман хаалга, Энэрэл нигүүлслийн танхим, Жэнжиао Чанлин, Гуаньин танхим зэрэг нэвтэрдэг зургаан хэсэгтэй.
Форталеза-ду-Монте музей (Fortaleza do Monte: Home of the Macau Museum)
1626 онд баригдсан ба олон жилийн турш Хятадын энэ хэсэгт байрлах Португалийн цэргийн төв, 1749 он хүртэл засаг даргын ордон байжээ. Өнөөдөр энэхүү хуучин цайзад Макаогийн гурван давхар музей, Хятад, Португали, Макаочууд хэрхэн хамтран ажиллаж, амьдарч ирснийг онцолсон Макаогийн археологи, антропологид зориулсан музей бий болсон.