ПУСАН ХОТЫН ТУХАЙ
Пусан хот нь Солонгосын хойгийн зүүн өмнөд үзүүрт өмнө талаараа Солонгосын хоолойгоор хүрээлэгдсэн. Сибирь, Европыг холбосон хойгийн өмнөд үзүүрт оршдог. Пусан нь мөн Номхон далай болон Атлантын далайд гарах гол гарцын үүрэг гүйцэтгэдэг. 15-р зуун хүртэл улсынхаа батлан хамгаалахын гол төв байсан. 1945 оны 8 дугаар сарын 15-нд засаг захиргааны хуваарьт өөрчлөлт орсноор Пусан хот болсон. 1995 оны 1 дүгээр сарын 1-ны өдөр Пусан метрополитан буюу бие даасан том хотын зэрэглэлтэй болсон. Пусан бол Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсгийн эдийн засаг, соёл, боловсролын төв бөгөөд түүний боомт нь Солонгос дахь хамгийн их ачаалалтай бөгөөд дэлхийд зургаа дахь их ачаалалтай боомт билээ.
Пусан нь жилийн дөрвөн улиралтай ба дундаж хэм нь 14.9°C байна. Зуны дундаж 7-дугаар сард 23.9°C, өвөлдөө 12-дугаар сард дунджаар 3.8°C хэм дулаан байдаг.
Пусан нь засаг захиргааны томоохон 15 дүүрэг, нэг хошуунд хуваагддаг бөгөөд ойролцоогоор 3.6 сая хүн ам амьдардаг. 2017 оны байдлаар Пусан хотын ДНБ нь 84,5 гаруй триллион хүрсэн. Үйлчилгээний салбар нь эдийн засгийн 70,7%-ийг, гэрлийн аж үйлдвэр нь 19,6%-ийг тус тус эзэлж байжээ.
Пусан бол олон улсын хурлын төв бөгөөд 2005 онд АПЕК-ийг зохион байгуулж байсан. Мөн 2002 оны Азийн наадам, ДАШТ-ийг зохион байгуулагдсан Солонгос улсын спортын тэмцээнүүдийн төв юм. Пусанд дэлхийн хамгийн том дэлгүүр болох Shinsegae Centum City байрладаг. Пусан 2014 оны 12-р сараас ЮНЕСКО-ийн бүтээлч хотуудын сүлжээнд “Киноны хот” болж нэмэгдсэн.
Пусан хотын аялал
Хэрвээ та Пусан хотруу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой.
BIFF талбай (BIFF Square)
BIFF талбай нь 1996 онд Пусаны олон улсын анхны кино наадам нээгдсэнээр байгуулагдсан бөгөөд Пусан хотын томоохон кино театрууд энэ дүүрэгт бөөгнөрч, тус хотын нэр хүндийг Солонгосын кино үйлдвэрлэлийн төв болгон өргөмжилдөг. Ойролцоогоор 500 метрийн урттай гудамжны дагуу олон төрлийн кинотой холбоотой баримлуудыг суурилуулсан болно.
Жагалчи зах (Jagalchi Market)
Жагалчи зах нь BIFF талбайн урд явган хүний гарцаар гарсны дараа шууд харагдана. Энэ бол Солонгосын далайн бүтээгдэхүүний том захуудын нэг юм.
Центум Сити (Centum City)
Центум Сити нь дэлгүүр хэсэхээс гадна Солонгосын соёлыг нэг дороос үзэх боломжтой. Энэхүү загварлаг хороолол нь орчин үеийн тэнгэр баганадсан өвөрмөц хийцтэй барилгуудаар дүүрсэн. Энэ хавийн хамгийн алдартай барилгуудын дотор дэлхийн хамгийн том их дэлгүүрээр Гиннесийн номонд бүртгэгдсэн Шинсэгэ багтдаг.
Ёнгунса сүм (Yonggungsa Temple)
Ёнгунса сүм бол нар мандах цэгээр алдартай далайн эргийн сүм юм. Ой модтой уулсын гүнд үүрлэсэн бусад ихэнх сүм хийдээс ялгаатай нь Ёнгунса сүм нь далайн эрэгт байрладаг бөгөөд бараг л усан доорх сүрлэг ордон шиг харагддаг. Ариун сүм нь янз бүрийн үзмэрүүдээр дүүрэн байдаг.