Монголоороо Аялахуй

Толбо Нуур

Толбо нуур Баян-Өлгий

ТОЛБО НУУРЫН ТУХАЙ

Толбо нуур нь Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос Ховд хот орох төв засмал замын дагуу, аймгийн төвөөс 45 км зайд оршино. Энэ нуур нь тектоник гаралтай, цэнгэг устай, мөстлөгийн гаралтай нуур.
Толбо нуурын хамгийн урт 21,5 км, өргөн 6 км, 1000-1500 метрийн харьцах өндөртэй хад асга бүхий нүцгэн уул нуруугаар хүрээлэгдэнэ. Нуурын эргэн тойрны уулсад эртний мөстлөгийн ул мөр тод ажиглагддаг, одоо хир нь Хүнгүй нуруу, Хатуугийн уулс /3820 м/ зэрэг зарим уулын оргилд бага зэрэг үлдэгдэл мөс цас харагдана. Толбо нуурт хэд хэдэн жижиг арал байдгаас хамгийн том нь усны мандлаас дөнгөж цухуйх 4 м өндөр Гичгэний толгой юм.
Толбо нуур нь илүүдэл усаа Түргэн голоор Ховд голын баруун гарын цутгал Өмнө голд өгөх боловч хуурай гандуу үед нуурын түвшин доошлоход ширгэж гадагш урсгалгүй болдог байна. Толбо нуурт хүмүүс амарч зугаалах, загасчлахаар ирэх дуртай байдаг. Толбо нуурын эрэг дагуу шувуудын амьдралыг ажиглах гол газар нь нуурын адагт Түргэний гол гарч буй хэсэг Толбо нуурын Жижиг нуур юм. Толбо нуурт усны нөмрөгт бүргэд, идлэг шонхор, Гангар хун , Ангир, Тураг гогой буюу хар галуу зэрэг олон зүйл шувууд олноор ирж зусна.
Нуур нь Алтайн сугас, монгол хадран зэрэг хэдэн зүйл загас элбэгтэй. Нуурын урд үзүүрт Толбо сум оршино. Толбо сум нь аймгийн төвөөс 76км, Жантекей, Шыбыр-Айгыр омгийн казахууд голчлон амьдарна.

Буцах