Зуны дэлгэр цагт хотоос холхон гарч хорхог, шорлог амсангаа хээрийн аяллын амтыг мэдэрч, эрх чөлөөгөө мэдрэн суух шиг жаргал хаана байх вэ? Гэвч хээр нутгаар гэр хийж хэц юугаараа дэр хийн аялалд гаръя гэхээр нэг л тав тухгүй санагдаад байна уу?
Хээрийн аяллыг амжилттай зохион байгуулж, амарсан шиг амрахад хамгийн чухал зүйл бол бэлтгэл байдаг. Аялалд гарахдаа машин дүүртэл ачсан ачааныхаа тэн хагасыг огт хэрэглэхгүй ирэх тохиолдол ч олонтаа гардаг билээ. Тэгвэл Газарчин – Таны аяллын хөтөч хээрийн аялалд тух алдалгүй, мөн хэрхэн ачаа багатай, тухтай аялах талаар сонирхуулж байна.

1. Майхан буюу хоноглох хэрэгсэлүүдээ сонгох
Ихэнх аялагчид жилдээ 1, 2 удаа л хэрэглэх учраас аль болох чанартай, үнэтэй майхан сонгохоос татгалздаг. Гэвч энэ нь аялагчдын гаргадаг хамгийн том алдаа юм. Шөнийн нойроо алдах нь аялж буй хүмүүсийг хамгийн ихээр зутрааж, аяллыг тухгүй болгодог. Тиймдээ ч бороо, шороо, хуй салхинд тэсвэр сайтай, чанартай майхныг сонгож авах нь зүйтэй. Мөн овор хэмжээ багатай, чийгнээс хамгаалдаг, хийлдэг гудас нь ухаалаг сонголт мөн. Жилдээ нэг л удаа хэрэглэнэ шүү дээ бус жилдээ нэг, хоёр аялахдаа гайхалтай амрах боломжтой шүү дээ.

2. Аяны хувцас, цүнхээ бэлдэх
Аялагчийн цүнхэнд зайлшгүй байх шаардлагатай зүйлс байдаг. Тэр тусмаа хээрийн аялалд хувцасаа зөв сонгон авч явах нь амин чухал. Ямар ч аялалд гарах байлаа гэсэн дор хаяж 2 ээлжийн гутлыг аяллын маршрутад тохируулан авч явах хэрэгтэй. Мөн хэд хоногын аяллаас үл шалтгаалан борооны цув, нарны малгай 2 нь аяллын цүнхэнд хамгийн түрүүнд орсон байх шаардлагатай. Аяллын үеээр ямарваа нэгэн байдлаар норж, чийг авах нь зутрах үндсэн шалтгаан байдаг бөгөөд аль болох хуурай хувцастай байхын тулд ОВОР БАГАТАЙ чийгнээс хамгаалдаг гутал, хувцасыг сонгоорой.

3. Гал тогооны хэрэгсэл
Хэрэв та хувиараа аялах бол гал тогооны асуудлаа нэн даруй шийдэх хэрэгтэй. Ихэвчлэн 2 ширхэг газан плитка авч явах нь ухаалаг сонголт байдаг бөгөөд цаг ч хэмнэн, ажлыг ч хөнгөвчилж танд аялалдаа төвлөрөх боломж олгоно. Гэртээ байдаг хэлбэр, хэмжээ нь өөр сав суулгаас зайлсхийн зай хэмнэх нэгэн төрлийн өөр өөр хэмжээтэй сав суулгуудыг авч явахыг хичээгээрэй.

4. Маршрутын судалгаа
Хаашаа, хэдэн километр газар, ямархуу нөхцөлтэй газар руу аялах гэж байгаа талаараа маш сайн судлах хэрэгтэй. Судалгааг сайн хийсний үр дүнд төөрөхгүй, зутрахгүй, элдэв гачигдалгүй, бэлтгэл сайтай аялах боломжтой байдаг. Мөн тухайн бүс нутагт утасны сүлжээ барьдаг эсэх нь туйлын их хамаатай тул зайлшгүй тодруулах хэрэгтэй байдаг. Таны ойр орчимд зорьж буй зүгт тань аялсан хамаатан садан, найз нөхөд байхгүй бол мэргэжлийн аяллын компанид хандан аяллын судалгааг хийлгэх зайлшгүй шаардлагатай.

5. Машин техникийн бүрэн бүтэн байдал
Хэр хол газар хэр урт хугацаагаар явахаас үл шалтгаалан машины оношлогоо, бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж явах нь нэн тэргүүний асуудал юм. Явах чиглэлээс үл хамааран хоёроос доошгүй запас дугуй, багаж хэрэгсэл, банз (элс, шаварт суусан үед хэрэг болно), тос масло, ойр зуурын сэлбэг зэргийг зайлшгүй бэлдэх хэрэгтэй. Мөн аялалд гарахын өмнө автомашины үзлэгийг бүрэн хийлгэх нь таны амь насны баталгаа болно.

6. Аюулгүйн хайрцаг буюу амьд үлдэх хэрэгсэл
Гэнэтийн осол, байгалийн гамшиг зэрэг урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдалд бэлэн байх нь туршлагатай аялагчийн шинж билээ. Тиймдээ ч хашир аялагч нар аюулгүйн хайрцаггүйгээр хаашаа ч явдаггүй гэж хэлэхэд болно. Тус хайрцаг нь тийм ч нүсэр байх албагүй ч зайлшгүй хийсэн байх шаардлагатай зүйлс байдаг.
- Эмийн сан – Толгойны болоод гэдэсний эм нэн түрүүнд шаардлагатй. Мөн өндөр тунтай өвчин намдаагч, ариутгасан бинт, шархны лент, уян бинт, спирттэй хөвөн болон эмнэлэгийн спирт эсвэл алкохолын өндөр агууламж бүхий архи авч болно.
- Бусад – Уг хэсэгт амьд үлдэх хэрэгслийн тусгай цүнхийг нэрлэж болно. Уг цүнхэнд хутга, олс, гар чийдэн, нөөц батерей, очлуур буюу асаагуур, луужин, шүгэл, тасардаггүй ган олс, машины хүрз, жижиг сүх, үзэг, газрын зураг зэргийг авч явах хэрэгтэй. Мөн төөрөх тохиолдол гарч болзошгүй хэмээн үзэж ойр зуур идэх энергийн өндөр агууламж бүхий баар (батончик) хэд хэдийг нөөцлөх хэрэгтэй.
- Нөөц – Ямар ч үед цэвэр ус болон шатахууныг зориулалтын саванд нөөцлөн авч явах хэрэгтэй.