Гэр бүлийн аялал нь хүн бүрт мартагдашгүй дурсамж үлдээж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Гэвч хүүхдүүдийн хувьд аялал төдийлөн таатай санагдаагүй байх тохиолдол олон. Хүүхэдтэйгээ аялахад түгээмэл гаргадаг хэд хэдэн ноцтой алдаа байдаг бөгөөд үүнийг үл анзаарсанаар цаашдын аялалд эхлэхээс нь ч өмнө дүргүйцэх хандлагыг бий болгодог. Газарчин – Таны аяллын хөтөч хүүхэдтэй аялахад анхаарвал зохих чухал зөвлөгөөг хүргэж байна.
- Аяллын маршрут гаргах – Ихэвчлэн томчууд хоорондоо ярьж тохирсоны үндсэн дээр аяллын маршрутыг шийддэг ч нэг зүйлд тоомжиргүй ханддаг. Тэр бол аяллын урт бөгөөд хэр хол замыг ямар зайнд туулах, энэ явдлыг хүүхэд хэрхэн хүлээн авах, хэр зэрэг ядрах бас уйдах вэ гэдэг юм. Өглөөнөөс орой хүртэл машинд явсаар орой нь зорьсон газартаа хүрч хоноглох нь хүүхдэд хэтэрхий хүнд ачаа болдог.
Тэдэнд тоглож наадах, аяллын амтыг мэдрэх боломж хэрэгтэй шүү дээ. Иймд аяллын хөтөлбөрөө гаргахдаа өдөрт дээд тал нь 4 – 5 цаг л машинд явахаар тохируул. Ингэвэл тэд аяллын дунд ядарч, туйлдахгүйгээр тун чиг эвтэйхэн аялаад ирэх болно.
Зорьсон газар орны талаар мэдлэг хомс, замын мэдээлэл дутуу нөхцөлд мэргэжлийн аяллын компанид хандан аяллын хөтөлбөр хийлгэх нь хамгийн ухаалаг бөгөөд зардал чирэгдэл багатай, үр дүнтэй арга юм.
- Аюулгүй байдлыг бүрэн ханга – Гол усанд осолдох, унаж бэртэх, амьтанд хазуулах зэрэг олон эрсдлүүд байж болно. Иймд үргэлж хүүхдээ хараа хяналтандаа байлгах хэрэгтэй. Мөн хүүхэдтэй аяллын үед хэзээ ч согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж болохгүй.
- Хоолны хордлого, нарших зэргээс сэргийл – Хүүхдийн ам руу орж буй бүх зүйлийг анзаарч байх хэрэгтэй. Мөн аян замын хүнсээ базаахдаа хадгалах нөхцөл, хугацаа зэргийг маш сайн анзаарч байх хэрэгтэй. Эмийн санд зайлшгүй тохиолдолд хэрэглэх ойр зуурын эмнүүдийг заавал байлга. Аяллын үеээр эрүүл мэнд, аюулгүй байдал хоёрт гарах зардлыг хэзээ хэмнэж болохгүй. Тэр тусмаа бяцхан аялагчтай хамт яваа нөхцөлд.
- Хүүхэд төөрөхөөс ямагт сэргийл – Төөрсөн үед холбоо барих утасны дугаар бүхий зүүлт, бугуйвч зэргийг зайлшгүй өмсгөж байх хэрэгтэй. Мөн хүүхдэдээ тод өнгийн хувцас өмсгөх нь төөрсөн үед маш том тус болдог.
- Аялалд хамтдаа бэлд – Ингэхдээ өөрийн хувцас хунарыг бэлдэхдээ ийм учраас би ийм хувцас авч явж байна. Харин чи яамаар байна гэх мэт харилцан ярилцаж, учир шалтгааныг тайлбарласнаар хүүхэд улам аялалдаа дурлах болно.
- Аяллын хөтөлбөрийг өөрт нь ойлгогдохоор тайлбарла – Ингэснээр хүүхэд аяллын талаар ерөнхий чиг баримжаатай болохоос гадна та ч мөн хүүхдийнхээ сонирхолыг мэдэж авах боломжтой.
- Хувийн төсөв гаргаж өг – Гэхдээ бүгдийг нь нэг дор бус 30%, 70% гэх мэт хувааж өг. Тэр мөнгийг өөрөөр нь захиран зарцуулуул. Харин эхний зарлагыг дуусмагц үлдэгдлийг өгөх гэж бүү яар. Урьдны төсөвөө хэрхэн зарцуулсан талаар ярилцаад энэ удаад ухаалаг байх талаар сайн сануул. Ингэснээр хүүхэд биеээ дааж эхлэх ба үгүй гэх хариултаас үүдсэн урам хугаралт бага байдаг.
- Хүүхдэдээ хань ол – Та аяллын турш бүхий л цаг хугацаанд хүүхдэдээ хань болж чадахгүй шүү дээ. Тиймээс ойролцоо насны хамаатан садантайгаа нийлж аялах нь хүүхдийг улам зугаатай, сонирхолтой болгоно. Гэвч тийм боломжгүй нөхцөлд өөрөө өөрийгөө саатуулах боломжийг олгох үүднээс дуртай тоглоом зэргийг авч явахыг нь зөвшөөр. Өсвөр насны хүүхэдтэй бол хувийн орон зайг нь хүндэлж өөрөөрөө байх боломжийг нь олгох хэрэгтэй.
- Сонирхож буй зүйлдээ цаг гаргах боломж олго – Зарим амьтны музей, байгалийн өвөрмөц тогтоц эсвэл хэний ч санаанд ороогүй зүйлсийг хүүхэд ихээр шохоорхох тохилдол байдаг. Энэ үед нь яаруулж тавгүйтүүлэх бус, хийж байгаа зүйлдээ цаг гаргахад нь тусла. Харин үнэхээр цаг хомс байгаа үед аль болох эвтэйхэн тайлбарла.