Монголоороо Аялахуй

Хөвсгөл Нуур

ХӨВСГӨЛ НУУР

Монгол түмний дунд Далай ээж хэмээн алдаршсан хоймор нутгийн гүн цэнхэр Хөсвсгөл нуур нь Монгол орны хоёр дахь том нуур билээ. Гүний хэмжээгээр Хөвсгөл нуур нь монголдоо тэргүүлэх төдийгүй Ази тивд дээгүүрт жагсана. Дэлхийн цэвэр усны нөөцийн нэг орчим хувийг агуулдаг. Монгол орны хамгийн цэнгэг уст нуур бөгөөд Байгаль нууртай хүйн холбоотой хэмээн үзэж эгч дүү нуур хэмээн нэрийддэг байна.

Хамгийн гүн хэсэгтээ 262 метр хүртэл гүн, Монгол орны цэвэр усны 70 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг байна. Хөвсгөл нууранд 46 гол горх цутгах боловч дан ганц Эгийн гол эх аван урсаж мянга орчим километр замыг туулан Байгаль нуурт цутгана. Хөвсгөл нуур нь ойролцоогоор 7 сая орчим жилийн настай бөгөөд манай гаригт орших хамгийн эртний 17 нуурын нэг билээ. Дотроо том жижиг нийлсэн 5 аралтай бөгөөд хамгийн томыг нь Модон хүй хэмээн нэрийднэ. Манай орны хамгийн цэнгэг нь болох Хөвсгөл нуур нь төв хэсэгтээ 23 метр хүртэл тунгалаг харагддаг нь Хөх сувд хэмээн нэрийдэхэд хүргэжээ.

Хөвсгөл нуур орчмоос хүслийн хад, бошлой хад, тэнгис гол, Даяан дээрхийн агуй зэрэг түмэн газрыг зорьж нүдээ хужирлах боломжтой агаад Хорьдол сарьдагийн нуруу, улаан тайгыг бүтэн туулж Цаатан түмний нутаг айлчлан зочлох боломжтой билээ.