Техник технологийн үсрэнгүй хөгжлийн ачаар бүхий л зүйлсийг гар утаснаасаа хурдан бөгөөд хялбар аргаар шийдэх боломжтой болж байна. Аяллаар явахад тулгардаг бүхий л асуудлаа шийдэхэд танд аяллын аппликейшнууд туслана. Дотоод, гадаад хаашаа ч аялсан танд хэрэг болох шилдэг аяллын аппликейшнуудийг санал болгож байна.

1. Rome2Rio
Нэг цэгээс нөгөө цэгт хэрхэн очиж болох хувилбаруудыг харуулдаг. Галт тэрэг, нислэг, автобус зэрэг тээврийн хэрэгсэл, дундаж үнэ зэргийг тооцоолоход ашигладаг.

2. Skyscanner
Хямд үнэтэй нислэгийн тийз, машин түрээслэх үйлчилгээг санал болгодог Skyscanner апп нь 1200 гаруй эх сурвалжаас мэдээлэл бэлтгэдэг ба 2015 оны шилдэг аппуудын нэгээр шалгарч байжээ.

3. Lonely Planet
100 хотын мэдээллийг агуулсан аяллын хөтөч тус аппликейшнд хотуудын газрын зураг, үйлчилгээний газрууд, хөгжилтэй зугаатай өнгөрөөх газрууд, алдартай барилга үзвэрүүдийн танилцуулга мэдээллүүд агуулагджээ.

4. Google Maps
Одоогоор хамгийн өргөн хэрэглэгдэж буй газрын зураг юм. Тухайн цэгт хэрхэн очих, ямар хугацаа зарцуулах зэргийг тээврийн хэрэгслийн олон янз байдлаар сонгох харах боломжтой.

5. Markuslerner.com/travelscope website
Олон улс орноор аялахаар төлөвлөж буй хэн бүхэнд дэлхийн улс орнуудын аяллын визний талаарх бүх шаардлагатай мэдээллийг Travelscope өгөх болно. Өөрийн очихоор төлөвлөж буй газруудын визний нөхцөл, бүрдүүлэх материал, визний хугацаа зэрэг мэдээллээс гадна Элчийн сайдын яамны хаяг, байршлыг багтаажээ. Энэхүү вэб сайтаас гадна Гадаад харилцааны яамны Консулын газрын consul.mn сайт руу зочилж, Монгол Улсын иргэд аль орнууд руу визгүй зорчих боломжтой тухай албан ёсны мэдээллийг нэг хараад авахад илүүдэхгүй.

6. AirBnB
Хэдхэн жилийн өмнө гадны улсаар аялж яваа, ажлаар яваа хэн бүхэнд буудаллах, хоноглох газар олно гэдэг төвөгтэй асуудал байсан. Airbnb энэ асуудлыг маш хялбараар шийдсэн. Та зочид буудал, дэн буудал, тэр ч бүү хэл айлд ч мөнгө төлөөд хоноглох боломжтой. Мөн дээрээс нь та Airbnb-с аяллын маршрут, очсон газраа хөгжилтэй өнгөрүүлэх хөтөлбөрүүд, байрлах боломжтой, зочлох гоё газруудын мэдээлэл, зохион байгуулагдах үйл ажиллагааны мэдээлэл, хүмүүсийн сэтгэгдэл, санал шүүмжийг ч авах боломжтой.

7. Packpoint
Pack Point аппд аялах гэж буй газар, очоод хийх зүйлсийн жагсаалтаа оруулмагц апп таны өмнөөс аялалд шаардагдах бүхий л зүйлсийн жагсаалтыг бэлдэж өгөх болно. Түүнчлэн сануулах горимтой учир аялалд гарахдаа хэрэгтэй эд зүйлсээ мартах тухайд санаа зовохгүй байж болно.

8. Google Translate
Google Translate аппыг яагаад татаж авах шалтгааныг тайлбарлах нь илүүц биз ээ. 103 хэлнээс орчуулах чадвартай Google Translate апп-д камерын тусламжтайгаар орчуулга хийх, том хэмжээний файл орчуулах, гар бичмэл орчуулах зэрэг олон орчуулгын боломжууд бий.

9. Culture Trip
Энэхүү Апп-аас очих гэж байгаа газрынхаа хүмүүсийн соёл, тэдгээрийн зан заншлын талаар мэдээллийг авч болох учраас магадгүй өөрийгөө зарим тохиолдолд fail-дэж эвгүй байдалд орохоос сэргийлж чадах юм. Энэ апп нь яг л сэтгүүл шиг бөгөөд танд гадны орнуудын хамгийн этгээд эсвэл хамгийн очиж үзэх хэрэгтэй гэмээр ёс заншлуудын талаар мэдээлэл өгч чадах болно. Мөн энэхүү апп дээрээ өөрийн ямар ямар газар очиж үзмээр байгаа хүслийн жагсаалтыг үүсгэж болно.

10. Booking
Дэлхийн хамгийн алдартай зочид буудлын өрөө захиалгын сайт. Дэлхий дээрх 1 сая гаруй зочид буудал, амьдрах байрууд тус аппликейшнд бүртгэлтэй байдаг. Дан ганц хоноглох байр захиалах бус аялж яваа хотынхоо газрын зургийг интернетийн сүлжээнд холбогдоогүй үедээ ч ашиглах боломжтой.