Зуны дэлгэр цагт гэр бүл, найз нөхдөөрөө нийлэн хотын завгүй амьдралаас түр хагацаж хөдөө хээр холхон явж, хорхог шорлог хийж идэнгээ газар үзэн, эх сайхан монгол орныхоо байгалаар аялж зугаалахыг хүн бүхэн хүсдэг. Мэдээж аялалд явахад хамгийн чухал зүйл бол аяллын богцоо хэрхэн бэлтгэх вэ гэдэг асуулт байдаг. Хол замд явахдаа аль болох овор, жин багатайгаар ачаагаа бэлдэж зөвхөн өөрт хэрэгцээтэй зүйлээ авч явах нь туршлагатай аялагчийн хамгийн эхний чанар байдаг. Тэгсэнээрээ илүү тухтай, биед амар аялахад дөхөм болдог. Харин та машины тэвш дүүрэн зүйлс ачсан хэрнээ бараг хагасыг нь огт хэрэглэхгүй явсаар ирдэг хэвээрээ юм биш биз? Газарчин – Таны аяллын хөтөч танд аялалд гарахад хэрэг болохуйц хамгийн чухал 10 зүйлийг толилуулж байна.

Солих гутал
Аялалд явахад хамгийн чухал зүйл бол хөлд эвтэйхэн, хөнгөхөн гутал юм. Мэдээжийн хэрэг аяллаа төлөвлөөд маршрутаа тогтсон бол тухайн бүс нутгийн онцлогт тааруулан өөрт тохирсон 2 – 3 гутал авч явах хэрэгтэй байдаг. Жишээлбэл Хангайн уулархаг бүс нутгаар аялах бол уулын гутал хамгийн чухал байдаг бол говь талын нутгаар аялахад хөлд хөнгөн кет зэрэг нь илүү тохиромтой байдаг. Түүнчлэн цаг агаар, бороо уснаас хамааран усны гутал авч явах нь маш зөв сонголт байдаг.

2. Гар чийдэн
Овор багатай ч тусгал сайтай гар чийдэнг та зайлшгүй авч явах хэрэгтэй. Гар утас болон асаагуурын гэрэлд найдах нь тийм ч ухаалаг үйлдэл биш юм.

3. GPS буюу Зүг чиг заагч (Луужин)
Хаашаа явж байгаа мэдэхгүйгээс бус хаана байгаагаа мэдэхгүйгээс төөрдөг гэх үг байдаг. Хөдөө замд явахад хамгийн хэрэгтэй зүйл бол зүг чиг заагч байдаг. Мөн хэрхэн ажиллуулах талаар сурах хэрэгтэй.

4. Эмийн сан
Гүйлгэх, толгой өвдөх, дотор муухайрах гээд байнга шахуу тохиолдох асуудлуудыг шийдэх хамгийн ухаалаг сонголт нь хувьдаа эмийн сантай байх явдал юм. Өндөр тунгийн бус өвчин намдаагч, толгойны болон гэдэсний эм, ариутгасан бинт болон спирттэй хөвөн (шарх цэвэрлэх зориулалтаай) зэргийг зайлшгүй авч явах шаардлагатай байдаг.

5. Зөөврийн цэнэглэгч
Хөдөө олон хоногоор аяллаар явж буй тэр тусмаа хот суурин газраас хол отоглон аялж буй бол их агууламж бүхий зөөврийн цэнэглэгчийг хэзээ ч мартаж болохгүй.

6. Үзэг, дэвтэр
Хамгийн энгийн мөртлөө аялагчдын хамгийн түгээмэл мартдаг зүйл гэнэ шүү. Тэмдэглэл хөтлөх, мэдүүлэг бөглөх, зарим газарт нэвтрэхэд гарын үсэг болон мэдээллээ бичих шаардлага тулгардаг ч үзэггүй бол яах билээ? Урт удаан дараалалд хүлээж бусдаас асуух уу? Эсвэл энэ асуудлыг энгийнээр өөрөө шийдэх үү?

7. Гар ариутгагч, Нойтон салфетка
Ус дууссан эсвэл хээр үдлэх болсон, хооллохын өмнө гээд хэзээд хэрэг болдог зүйлс юм. Тэр тусмаа дэлхий нийтийг хамарсан тахлын дараагаар таны цүнхэндээ зайлшгүй авч явах зүйлээр нэрлэгдэх нь дамжиггүй юм.

8. Борооны болон нарны хэрэгслүүд
Заримдаа цаг агаар хичнээн сайн харсан ч тооцоолоогүй зүйлс болох нь элбэг байдаг шүү дээ. Ялангуяа олон хоногийн аялалд явах байгаль цаг уурын аль ч нөхцөлд бэлэн байх хэрэгтэй байдаг. Нарны малгай, шил, тос зэрэг нь хурц наранд биеээ хамгаалахад туслах бол борооны цув болон гутал нь танд ямарч нөхцөлд зутрахгүй байх боломжийг олгодог.

9. Ном
Урт холын аялалд явахад тансаг сайхан байгалийг тольдож сэтгэл санаагаа сэргээгээд нар хэвийх цаг дор дуртай зохиолоо шимтэн уншихаас илүү жаргал гэж юу байх вэ? Тэгвэл овор, жин ихтэй цаасан ном авч явахаас илүүтэй Kindle зэрэг цахим ном нь илүү оновчтой сонголт байдаг.

10. Камера
Мартагдашгүй аяллаа гэрэл зургийн хуудсанд мөнхжүүлж авахын тулд танд сайн зургийн аппарат хэрэгтэй. Сүүлийн үеийн гар утасны камеранууд ч тун боловсронгуй болсон шүү дээ.
Дээрх зүйлсийг бэлдсэн байхад та сэтгэл хангалуун аялах боломжтой. Аяллын алтан мөч бүрийг хайртай дотны хүмүүстэйгээ өнгөрүүлж, үзэсгэлэнт газруудаар аялж, мартагдашгүй дурсамж бүтээхэд бид туслана. Газарчин – Таны аяллын хөтөч.