Шри Ланка улсын Сигирия цайз
Сигирия цайзын тухай
459-477 онд хаан Датуссен нь Касяп болон Могаллан хэмээх хоёр хүүтэй байжээ. Том хүү болох Касяп нь хаан ширээг залгамжлах ёстой байсан ч эзэн хааны татвар эмсийн нэгний хүү болж төрсөн учир хаан Датуссен бага хүү болох Могалланд хаан ширээг өвлүүлэхээр болсон юм. Үүнд том хүү Касяп нь маш ихээр хилэгнэн эцгийгээ хөнөөж харин дүү Могаллан нь Өмнөд Энэтхэг рүү зугтав. Ийнхүү Касяп хаан ширээнд сууж, хэний ч хүрж очих боломжгүй газарт нийслэлээ барьсан нь Сигирия цайз юм. Касяп хаан нийт 1.5 га талбай газарт, 370м өндөрт хамгийн өвөрмөц, сүрлэг хотыг байгуулж 18жилийн турш захирчээ.
- Сигирия гэдэг үг нь “арслан хад” гэсэн утгатай бөгөөд хадны дээд хэсэг нь том арслангийн хэлбэртэй юм. Мөн цайзын доод хэсэгт арслангийн сарвууг урлаж үүний хооронд чулуун шат хийсэн нь архетиктурын гайхалтай шийдэл тул өдгөө жуулчдын анхаарлыг ихэд татдаг болсон байна.
- Хааныг насан эцэслэсний дараа цайз хоосорч, орхигдов. Харин төд удалгүй Буддын шашны сүм, хийд зориулалтаар ашиглагдсаар байсан ч дахин орхигджээ.
- Тус цайзын хананд 500 гаруй төрлийн эртний өвөрмөц зургууд, бичээсүүд, толин тусгалт хана мөн дэлхийн хамгийн анхны тохижуулсан цэцэрлэгт хүрээлэн байсныг нээн илрүүлснээр энэхүү газар нь дэлхийн соёлын өвд бүртгэгдэж, тэдгээрийн тусгай хамгаалалтанд орсон байна.
- Түүх соёлын арвин их баялагтай энэхүү гайхамшигт бүтээн байгуулалтыг үзэх гэж өдөрт 1500-2000 орчим гадаадын жуулчид зорин ирдэг болсон байна.


