Монголоороо Аялахуй

Хөвсгөл аймагт нуураас өөр хаашаа аялах вэ?

Үзэсгэлэнт Монгол орны минь хоймор болсон нутаг Хөсвсгөл аймгийг ихэнх хүмүүс далай ээж хэмээн нэрийддэг гүн цэнхэр Хөвсгөл нуураар төсөөлдөг билээ. Гэсэн хэдий ч Монгол орны хамгийн үзэсгэлэнт байгальтай тухайн бүсэд өөр чухам юу үзэж, аяллаа хэрхэн төлөвлөх талаар хүмүүс тэр бүр мэддэггүй билээ. Газарчин – Таны аяллын хөтөч Хөвсгөл аймгийн хамгийн үзэсгэлэнтэй газруудыг санал болгож байна.

  1. Улаан Тайга

Хөвсгөл аймгийн Баянзүрх, Улаан-Уул сумдын дэвсгэр нутагт орших бөгөөд энд Дэлгэрмөрөн, Хөг, Бүс, Шишгэд, Гуна, Мунгараг голуудын сав дагуух нутаг хамрагдана. Улаан тайгын нурууны төвөөс Хөг, Бус, Мунгараг, Гуна, Дэлгэрмөрөн гэсэн 5 том гол, тэдгээрийн цутгал олон голууд эх авч урсдаг. Эдгээр голууд нь Енисей болон Сэлэнгэ мөрний эх болдог төдийгүй цэвэр, тунгалаг усны арвин их нөөцтэй юм. Ойн нөөцийн ихэнх нь дээрх голуудын савд тархана. Энд шинэс, шинэс-хушин ой зонхилох бөгөөд Хорьдол сарьдаг, Тэнгис – Шишгэдийн савыг бодвол ойн нөөцөөр их юм. Ялангуяа Бус, Дэлгэр мөрний хөндий  бусдаас өргөн тавиу, үнэмлэхүй өндрийн хувьд харьцангуй нам түвшинд орших тул энд жинхэнэ тайгын хэв шинжит ой тархсан байдаг онцлогтой.

2. Соёны бүс нутаг

Соёны бүс нутаг нь Дэлхийн байгаль хамгаалах сангаас дэлхий дахинд зайлшгүй хадгалан хамгаалах шаардлагатай хэмээн тодорхойлсон 200 эко бүсийн нэг бөгөөд биологийн олон янз байдал, амьдрах орчин, угсаатны олон янз байдлыг агуулж байдгаараа онцлог. Дэлхийд ховордсон тул загас, ирвэс, хүдэр, хүрэн баавгай, аргал угалз, хойлог шувуу, халиун буга гэх мэт амьтад нэг доор амьдарч буй бүс нутаг юм. Монгол орны хойморь төдийгүй олон улсын экологийн зүй тогтлын гайхамшигт бүс нутаг болно. 1990 оноос эхлэн олон улсын шинжээчид хоёр гурван төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.

3. Бошлой Хад

Баянзүрх сумын төвөөс 10-аад км-ийн зайтай, Дэлгэрмөрөн, Бэлтэс голын уулзвар руу түрсэн өндөр хадан цохиог Вошлой хад гэнэ. Эрт урьдын цагт долоон улаан ямаатай Вошлой гэдэг эр эхнэрийн хамт амьдардаг байж. Тэдний саахалт баяны хүү олигор Чойжоо гэгч Вошлойн эхнэрт сээтэн хаяж, Вошлойг хорлохоор хорон санаа сэдсэн гэнэ. Чойжоо нэгэн өглөө Вошлойг дуудаж, Дэлгэрмөрний тохойд байдаг өндөр хадан цохион энгэрт байдаг агуйд их алт эрдэнэс байдаг гэнэ. Хоёулаа аргалж авья гэж гэнэ. Хоёул явж өндөр хадан цохион дээр гарч, сураар Вошлой дүүжлэгдэн хүрч ороход Чойжоо сурыг тасалжээ. Вошлой агуйд ороход бүргэдийн хоёр ангаахай байсан гэдэг. Вошлой агуйнаас гарч чадахгүй олон хоног сарыг өнгөрөөж, бүргэдийн ангаахайдаа авчирч өгсөн идэшнээс гол зогоож байж. Бүргэдийн ангаахай томорч нисэн одох болоход, Вошлой өөрт үлдсэн сураа нөгөө хоёрынхоо толгойг холбон дүүжпэгдэн бууж амь гарсан гэдэг. Чойжоо Вошлойг үхсэн хэмээн санаж, эхнэрийг нь гэргийгээн болгон авч, найр хурим хийж байжээ.

4. Даян Дээрхийн Агуй

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс зүүн хойш 35 километр зайд Үүрийн голын баруун цутгалд орших Монгол орны хамгийн том агуйн нэг бөгөөд 2006 онд тусгай хамгаалалтанд авсан. Даян дээрхийн агуй нь ховор тогтоцтой, байгалийн үнэт үзмэр юм. Цагаан суварга, Сэнжит хад зэрэг том жижиг олон агуйтай. Агуйнуудын орчимд олон тооны хиргисүүр, булш байдаг. Энэ орчмын нутаг хотгор гүдгэрийн хувьд 1600-1900 метрийн өндөр бүхий дундаж намхан уулс, голын хөндий хосолсон гадаргатай. Даян дээрхийн агуйг эрт үеэс шүтэж ирсэн бөгөөд агуйн аман дээр 2 метр өндөр чулуун овоог зассан байдаг. Энэ агуйн хонгил тасалгаагаар дамжин ОХУ-ын хил рүү гарч байсан түүх байдаг. Зуны улиралд аялахад төдийлөн таатай биш бөгөөд зам нь шавар, ус ихтэй.

5. Дархадын 13 овоо

Дархад нутаг руу орох давааны оройд 13 овоо байдаг. Энэ 13 гэдэг нь дархадуудын шүтдэг тоо бөгөөд хүний ертөнцөд оршиж байгаа орон зайнд 10 зүг, 3 цаг байдаг. Энэ хоёрын нийлбэр нь 13-ын тоог бий болгож байгаа ажээ. Дархадуудын шүтлэг бол 10 зүг, 3 цагтаа даатгал өргөж байгаа хэрэг ажээ. Овоо бол хүний оюун ухаан, танин мэдэхүй, ухаарлын оролцоотой бүтсэн хамгийн эртний туурвил юм. Өөрөөр хэлбэл, Хүн байгалийн харилцаа, байгалийг таньж ойлгох, ухаарах, хайрлан хамгаалах оюун санааны өвийг бий болгож ирсэн чухал ач холбогдолтой. Байгаль эхээ дээдлэн өргөмжилж ирсэн ёс уламжлал овоотой холбоотой хөгжиж ирсэн.

6. Цаатан Түмэн

Хөвсгөл Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагаан нуур зэрэг хойд захын сумдаар буюу Бүрхээлэг, Жамс, Улаан тайгын их уулс, Тэнгис, Шарга, Шишгэдийн голын саваар нутаглан, жилийн 4 улиралд цаагаа даган нүүдэг ард түмэн юм. Цагааннуур сумын Баруун тайгад 19-22 өрхөд 95, Зүүн тайгад 17-19 өрхөд 85 орчим цаатан иргэн аж төрж, цаа маллан амьдарч байна. Сумын төвд 150 орчим цаатан иргэн аж төрдөг байна. 2000 оны хүн амын тооллогоор 269 хүн өөрийгөө “цаатан” гэж тоолуулсан байна.

7. Уушгийн өврийн буган чулуун хөшөө, Дэлгэрмөрөн

Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос баруун тийш 20 хүрэхгүй км-т Уушигийн өвөр хэмээх сайхан тавиу хөндий, Дэлгэр мөрний хойд биед дэлхийд ховор буган чулуун дурсгал бий. Чулууны энэ урлаг Монголын умард хэсэг, Өмнөд сибирийн тал хээрт МЭӨ 1000-аад жилийн үед амьдарч байсан скифчүүдийн бүтээл бөгөөд оршуулгын зан үйл, өргөл мөргөлийн зориулалттай бүтээгджээ. Уушигийн өвөрийн буган чулуун цогцолбор нь төв Азийн өргөн уудам талд тархсан буган чулууд дотроос томоохонд тооцогдох ба энд нийт 15 буган чулуу, тэднийг тойрсон олон хирэгсүүр бий.

8. Тэнгис, Шишгэдийн гол

Байгалийн унаган төрхөө харьцангуй сайн хадгалсан, аялал жуулчлал хөгжүүлэх өргөн боломж бүхий байгалийн өвөрмөц хослолтой, түүх, соёл, угсаатны зүйн өлгий нутаг юм. Газрын  гадарга нь тогтцын хувьд нэлээд өвөрмөц, уулс нь өндрийн агууриг ихтэй, хажуу нь ихэвчлэн эгц учраас өндрийн ялгаа богино зайд өөрчлөгддөг бөгөөд ян сарьдаг бүхий уулсад уулын тагийн дэнж үүсч хэд хэдээрээ үелэн тогтсон байдаг. Гадаргын хувьд ян сарьдаг бүхий өндөр уул нурууд, тэдгээрийн хооронд орших голуудын хөндий хосолсон тогтоцтой нутаг юм. Энд Саяны нурууны зүүн төгсгөл болох далайн түвшнээс дээш дунджаар 2500-2800 метр өргөгдсөн өндөр уулс хамрагдах бөгөөд хамгийн өндөр оргил нь 3163.6 м өндөрт оршино. Загасчдын хувьд диваажин л гэсэн үг.

 

Буцах